Skip to main content
zahiral

Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төвийн гүйцэтгэх захирал Б.ДӨЛГӨӨН: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШАТ ДАМЖЛАГЫГ ЦӨӨЛНӨ.

Засгийн газрын зүгээс ажлын хэсэг гаргаж анх удаа төр өөрөө хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийн судалгааг хийлээ. Энэ ажлын талаар Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
Төрийн албанд анх удаа процессын дахин инженерчлэлийн судалгааг хийлээ. Үүнийг бид хэрхэн ойлгох ёстой вэ. Процессын дахин инженерчлэл хийснээр иргэнд төдийгүй төрийн албаны үйл ажиллагаанд ямар ахиц дэвшил гарах вэ?
Процессын дахин инженерчлэлийн үр дүнд иргэд төрийн үйлчилгээг илүү хурдан авна л гэсэн үг. Өнөөдөр нийгмийн хамгаалал хөдөлмөрийн салбарт иргэн төрөөс нэг үйлчилгээ авахын тулд 1-8 байгууллага орох шаардлагатай болдгийг судалгааны хүрээнд гаргасан. Үүнийг багасгаж хамгийн ихдээ хоёр удаа аль нэг төрийн байгууллагад очсоны дараа ямар ч үйлчилгээг авдаг байх систем рүү шинэчлэн реформ хийх үндсэн зорилготой. Нөгөөтэйгүүр процессын дахин инженерчлэлийн үр дүнд төр дотроо одоо явж буй шат дамжлагуудыг цөөлж, зайлшгүй шаардлагатай дамжлага үлдсэнээр төрийн хурд нэмэгдэж, албан хаагчдын ачаалал буурах юм.
ХНХЯ-ны харьяа зарим агентлагийг сонгон, процессын дахин инженерчлэлийн судалгаа хийж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Аль агентлагийг, ямар үндэслэлээр сонгож судалгаа хийв?
Иргэдийн хувьд эмнэлэг, сургуулиас гадна хамгийн их төрийн үйлчилгээ авдаг газар бол Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/ байдаг. Засгийн газрын 11-11 төвд ирдэг нийтлэг санал, гомдлыг авч үзсэн ч дээрх хоёр газартай холбоотой асуудал дийлэнх хувийг эзэлдэг учраас сонгож авсан. Д.Амарбаясгалан сайдын тушаалаар энэ оны зургадугаар сард процессын дахин инженерчлэл хийх ажлын хэсийг байгуулсан. Уг ажлын хэсэгт Хяналт хэрэгжүүлэх газар, манай Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв, ЦХХХЯ, ХНХЯ, Сангийн яам болон бусад байгууллага багтсан. Ингээд процессын дахин инженерчлэлийн ажлын судалгааг гурван аймаг, найман дүүрэгт 30 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж, зургадугаар сараас хойш есдүгээр сарыг дуустал ажиллалаа. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар процессын дахин инженерчлэлийг маш сайн ажил боллоо гэдгийг сайдууд бас дүгнэж, хэлж байсан. Тийм ч учраас цаашид төрийн олон байгууллагад процессын дахин инженерчлэлийг хийх шаардлагатай гэж үзсэн.
Процессын дахин инженерчлэлийн хүрээнд судалгааг ямар байдлаар авсан бэ. Судалгааны дүгнэлт хэрхэн гарав. Цаашид нутагшуулах тухайд хэрхэн ажиллах вэ?
Процессын дахин инженерчлэл хувийн хэвшилд хийгддэг л ажил. Энэ хүрээнд төрийн байгууллагад хийж байсан тохиолдол бий ч гэлээ энэ удаагийнх шиг бүрэн цогц байдлаар зэрэг хийсэн тохиолдол байгаагүй. Үүн дотроо эрсдэл болон чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны зураг авалт, сэтгэл ханамжийн баталгаа зэрэг 7-8 судалгааны чиглэлээр зэрэг хийсэн. Засгийн газрын хуралдаанаар процессын дахин инженерчлэлийн хүрээнд ямар ажлуудыг хийв, одоо яах ёстой вэ гэдэг ерөнхий чиглэл гарсан. Ингэснээр бидний хийсэн судалгааны дүнд гаргаж ирсэн дүгнэлт, зөвлөмжүүд буюу дүн шинжилгээг цаашдаа ХХҮЕГ, НДЕГ хоёрт нутагшуулах хэрэгтэй байгаа юм. Иргэд хоёр агентлагаас нийт 24 төрлийн үйлчилгээ, цааш задраад 211 төрлийн нарийвчилсан үйлчилгээг авдаг. Зарим дамжлага ихтэй үйлчилгээг хүргэхийн тулд 20 гаруй процесс дамжиж өрнөдөг байсныг зургаа хүртэл бууруулсан. Гэхдээ үйлчилгээ тус бүрд дамжлага буурсан тоо өөр гарч байгаа. Улмаар нэг үйлчилгээ авахдаа төрийн 3-5 байгууллагад очих шаардлагатай байсан бол үүнийг хоёр болгосон. Тиймээс энэ дахин инженерчлэлийн үр дүнг одоо бодит практикт нутагшуулахын тулд ажиллана. Уг нутагшуулах ажлыг Х.Булгантуяа сайдаар ахлуулсан ХНХЯ манлайлж хийнэ. Үүний хүрээнд яам ч гэсэн тодорхой хэмжээний бүтцийн өөрчлөлтөд орно.
Бүтцийн өөрчлөлт гэхээр орон тоо буурна гэсэн үг үү?
Процессын дахин инженерчлэлийн гол зорилго бол иргэдэд төрийн үйлчилгээг хурдан хүргэх, төр дотроо дамжлагыг бууруулах замаар төрийн чадамжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын ачааллыг бууруулах юм. Орон тоо буурах эсвэл нэмэгдэх бол дагавар үр дүн гэдгийг дахин тодотгоё. Энэ ажлыг анх эхлүүлсэн шаардлага нь ерөөсөө л иргэд рүү чиглүүлсэн үйлчилгээний хурд. Манай ШСБХТ дээрээс төрийн чадамжийг сайжруулах чиглэлээр хийсэн судалгаанаас харахад өнөөдөр төрийн албан хаагчдын ачаалал өндөр байна. Мэдээж бүгд биш ч гэлээ, илүү чадвартай хүмүүс хамаагүй илүү өндөр ачаалал авч байгаа. Ажлын ачаалал дотор чиг үүргийн ажлаас гадна чиг үүргийн бус ажлын ачаалал байна. Энэ бол ажлаас гарах гурван үндсэн шалтгааны нэг болоод байгаа юм. Төр илүү чадвартай, мэдлэгтэй мэргэжилтнүүдийг төрдөө авч үлдэж, ой санамжаа хадгалж байхын тулд ачааллыг зохих түвшинд хүргэх хэрэгтэй. Чиг үүргийн ажлын ачааллыг бууруулах механизм бол төрд өөрт нь байгаагаас гадна шаардлагагүй мэдээллүүдийг иргэдээс авахаа больчихоор шат дамжлага буурч, ачаалал багасна. Энэ бол томоохон шинэчлэл болно. Аливаа шинэчлэлийг гаднаас хийдэггүй. Шинэчлэл хийхийн тулд тухайн байгууллага удирдлага, албан хаагчид гээд бүх шатанд манлайлал байх учиртай. Ингэж байж шинэчлэл амжилттай хэрэгжинэ. Тиймээс ХНХЯ энэ ажлыг үр дүнтэйгээр нутагшуулахад манлайлж ажиллана.
Тэгэхээр ХХҮЕГ, НДЕГ-аас олгодог төрийн үйлчилгээг иргэд илүү хурдан шуурхай авах юм байна. Та бүхний судалгааны дүнд эдгээр байгууллагаас шаарддаг хэчнээн процессыг хэд болгож бууруулах дүгнэлтэд хүрсэн бэ?
Судалгааны хүрээнд шинжилгээ хийж үзэхэд 36 материалыг иргэнээс нэхэх шаардлагагүй гэж үзсэн. Нэмээд таван материалыг цахим хэлбэрт оруулчихвал иргэдээс нэхэх шаардлагагүй болчихно. Ерөөсөө цахимд та бидний бүх мэдээлэл байсаар байтал төрөөс иргэнд үйлчилгээ үзүүлэхийн тулд дахин нэхэх шаардлагагүй. Төрийн аль нэг байгууллага нөгөө байгууллагадаа байгаа мэдээллийг дотроо холбогдох замаар шууд татаж авах боломжтой таван материал байгаа юм. Энэ зохицуулалтыг хийчихвэл нийтдээ давхардсан тоогоор 53 материалыг иргэнээс шаардахааргүй болно. Хамгийн энгийн жишээ гэвэл иргэний үнэмлэхийн хуулбар. Иргэний үнэмлэхийг төр өөрөө бидэнд олгодог шүү дээ. Гэсэн атлаа биднээс заавал хуулбар шаардаад байдаг. Яагаад ингэдэг вэ гэхээр төр үзүүлж буй үйлчилгээгээ баримтжуулахын тулд архивлах шаардлага үүсдэг юм байна. Энэ тохиолдолд баримтаа цахим хэлбэрт шилжүүлчихвэл энэ процессыг хөнгөвчлөх боломжтой. Тиймээс архиваа цахим хэлбэрээр байх боломжийг бүрдүүлснээр иргэнээс хуулбар шаардахааргүй болчхож байгаа юм.
Та жишээ дурдаж болох уу?
Иргэн ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд тэтгэмж авахын тулд асар олон шат дамжлага дамжиж байна. Эхлээд эмчид үзүүлж онош гаргаад, бичиг аваад эмнэлгийн хяналтын комиссоор орно. Тэгээд онош баталгаажуулсны дараа эмнэлгийн магадлах комиссоор орж хөдөлмөрийн чадвар алдсан зэрэг тогтоолгоно. Үүний дараа бидний нэрлэж заншсан групп тогтоолгоно. Ингэхийн тулд маш олон дамжлагаар явж, шаардлагагүй зардал бас гаргадаг. Энэ үйлчилгээг авахын тулд яагаад ийм олон шат дамжлагатай болгочихов гэхээр анх эмчийн бичиг аваад хурлаар ордог байсан байгаа юм. Гэтэл эмчийн бичгийг аргалаад, авах ёсгүй хүн энэ төрлийн тэтгэмжид хамрагдах зэргээр хийдэл гарч эхэлсэн байдаг. Тиймээс хяналт тогтоох шат дамжлагыг нэмж эхэлсэн. Энэ асуудал анхнаасаа чадамжтай байсан бол ингэж завхрал гарахгүй байсан. Нөгөө талдаа энэ нь эргээд авах ёстой иргэндээ илүү чирэгдэлтэй болчихсон байгаа биз. Энэ нь анхнаасаа буруу зорилгоор буюу гар нь хугараагүй байхад хугарчихлаа гэх мэтээр дүр эсгэсэн хүмүүс халамж тэтгэмж авдаг байдлыг дээрх давхар хяналтын механизм цөөлсөн үү гэвэл тийм. Гэхдээ аливаа хийдэл гарахаас сэргийлж чадсан ч жинхэнээсээ гараа хугалсан, хөлөө гэмтээсэн хөгжлийн бэрхшээлтэй болчихсон иргэнд илүү хүндрэл үүсгэчихсэн. Зарим тохиолдолд иргэн халамжаа авахын тулд жилд нэг удаа заавал өөрийн биеэр ирж хорооны хурлаар орох ёстой байдаг байх жишээний. Процессын дахин инженерчлэл хийснээр энэ бүгдийн шат дамжлага буурч, үйлчилгээ авахад зарцуулах хугацаа хэд дахин буурна. Иргэдийн явах тоо, орох байгууллага буурахаас гадна, төр доторх шат дамжлага буюу байгууллага хооронд мэдээлэл дамжуулах зэрэг нь бүгд буурна гэж ойлгож болно. Тэр хэрээр төрийн албан хаагчдын ажлын ачаалал, дарамт буурч байна л гэж ойлгох хэрэгтэй.
Иргэдэд илүү чухал ажил болох юм байна. Тэгвэл төр талдаа ямар ахиц дэвшил гарах вэ. Үр дүн, ач холбогдлыг нь бид хэрхэн харах ёстой юм бэ?
Энэ дахин инженерчлэл бол Шинэ сэргэлтийн бодлогын нэг сэргэлт болох Төрийн бүтээмжийг сэргэлтийн хэсэг. Төрийн бүтээмжийн сэргэлтийн гол асуудал бол төрийн чадамж. Чадамж яагаад сайжрах ёстой вэ гэхээр төр өөрөө аливаа төсөл хөтөлбөрийг хийж, хэрэгжүүлж амжилттай болгож чадах эсэх нь чадамжийн асуудал болчихдог. Төсөл хөтөлбөр хүнд байх тусмаа илүү чадамжтай байгууллага хэрэгжүүлж байж амжилтад хүрнэ. Гэтэл асуудал болгон хүндрэлийн хувьд харилцан адилгүй шүү дээ. Хүндрэлийн хувьд өөр учраас барьж авч шийдэх гэж яваа байгууллагаас өөр өөр чадамж шаардана. Өөрөөр хэлбэл, хүнд асуудлыг илүү өндөр чадамжтай байгууллага барьж авахгүй бол унагаана.
Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ чадамжийг нь харах ёстой гэсэн үг үү?
Тиймээ. Төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжих нь тухайн байгууллагын чадамжтай шууд холбоотой. Тиймээс төрийн чадамж руу гүн орохоор чадамжийн цаана хоёр хүчин зүйл байна. Нэгд байгууллагын чадамж, хоёрт, төрийн албан хаагчийн чадвар. Тэгвэл байгууллагын чадамжийг сайжруулахад процессын дахин инженерчлэлийн хүрээнд хийсэн ажил нөлөөлнө. Нөгөө талаас төрийн албан хаагчийн чадварт ч мөн нөлөөлнө. Үндсэндээ хоёр гол үр дүнг ингэж харж болно. Процессын дахин инженерчлэлийн ажлыг хийснээр төрийн албан хаагчдын хувьд чиг үүргийн ажлынх нь дарамтыг бууруулж байгаа юм. Мөн илүү хурдан төрийн үйлчилгээг хүргэснээр иргэдээс ирэх дарамт буурна гэж харж байна. Ингэснээр бид төрд буй ажлын ачааллыг бууруулна, мөн ажлын ачааллаас болж ажлаас гарч байгаа туршлагатай, чадварлаг боловсон хүчнээ авч үлдэх илүү таатай нөхцөл бүрдэнэ. Төрийн албан хаагчдаа ингэж чанаржуулж, чадваржуулснаар төрийн чадамж сайжрах юм. Энэ бол Шинэ сэргэлтийн бодлогын нэг гол зорилго.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №042